Манай улс сүүлийн жилүүдэд хөгжлийн гол гарц болсон боловсролын шинэчлэлд ихээхэн анхаарч 12 жилийн тогтолцоонд шилжсэн билээ.
Мөн дээд боловсролын төвшинд бүтцийн томоохон өөрчлөлтийг эхлүүлсэн нь нүдээ олсон оновчтой шийдэл юм.
Гэвч энэхүү боловсролын шинэчлэлийг илүү үр дүнтэй болгоход хэлбэрийн зэрэгцээ агуулгыг нь анхаарах шаардлагатай байна. Чухамдаа эдүгээ хэрэгжүүлж буй тогтолцооны шинэчлэл нь хэлбэрийг түлхүү анхаарч, дэвтрээр бол "хавтсыг нь солиод, хуудсыг нь орхиод" байна. Тэгэхээр одоо бидний хийх хамгийн чухал алхам бол боловсролын тулгуур үзэл баримтлалын дагуу 12 жилийн хугацаанд эзэмшүүлэх боловсролын агуулга, аргачлалыг иж бүрнээр шинэчлэх явдал юм. Ерөөс боловсролын зорилгыг нийгэм, улстөр, эдийн засаг, иргэний хөгжлийн хандлагад нийцүүлэн оновчтой томъёолж, түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж чадсан улсууд дэлхийд боловсролоороо тэргүүлдэг.
Дэлхийн шилдэг боловсрол олгогч орнуудын нэг Япон Улс 1947 онд одоогийн шинэ тогтолцоонд шилжин боловсролын агуулгадаа ихээхэн анхаарч, нийтдээ долоон удаагийн томоохон өөрчлөлтийг хийжээ. Түүнийг зорилгоор нь нэгтгэж үзвэл, 1947-1955 онд ардчилсан, энхтайванч Япон орны шинэ иргэнийг төлөвшүүлэх, 1956-1962 онд сургалтын чанарыг сайжруулж, техникийн үндсийг түлхүү эзэмшүүлэх, 1963-1972 онд шинжлэх ухаан, техник технологийг хөгжүүлэх, 1973-1981 онд орчин үеийн технологийг шинээр бүтээх, дэлхийд тэргүүлэх орон болох, 1982-1993 онд хүний амьдралын тав тухтай орчин, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, 1994-2001 онд хувь хүний онцлогийг тооцох, нийгмийн олон талт үзэгдэлд дасах, 2002 оноос хойш даяарчлалд суралцах, бие даах чадвар төлөвшүүлэх зорилгоор агуулга, хөтөлбөрийн шинэчлэл хийжээ.
Боловсролын чанарын тухай асуудал бол түүний зорилго, агуулгатай нягт уялдаатай бөгөөд улс үндэстний өвөрмөц онцлогтой ирээдүйн хөгжлийн томъёолол болж байх учиртай. Харин ингэж эс чадвал хэлбэрийг нь хэчнээн өөрчлөөд ч чанарын тухай асуудал цаасан дээр л үлдэнэ. Чанартай боловсрол нь өөрийгөө таньдаг, өөрт хэрэгтэйгээ мэддэг, түүнийгээ олдог, ашигладаг, бүтээдэг чадварыг л бүтээхэд чиглэгддэг. Илүү их мэдээлэл авах, түүнийгээ ярих аргаар мэдлэг эзэмшсэн мэт тооцогдох нь боловсролын чанарын гажуудал юм.
Энэ гажуудал манай боловсролын тогтолцоонд эдүгээ ч байр сууриа алдаагүй байсаар л байна. Боловсролын агуулгыг шинэчлэхийн тулд үндсийг нь жинхэнэ монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглүүлж, үндэсний гүн ухааныг удирдлага болгох нь зүйтэй. Тэгэхээр боловсролын гол цөм нь гүн ухаан гэсэн үг, Гүн ухаан гэдгийг нийгэмд түгээмэл ойлгодогчлон дээд боловсролын ерөнхий эрдмийн
хичээлийн хүрээнд үзээд өнгөрдөг гүн ухааны тухай хичээлээр төсөөлж болохгүй, жинхэнэ агуулгаар нь ухаарах хэрэгтэй. Гүн ухааны баттай үндэс суурьгүй боловсрол эзэмшсэнээс тодорхой чиг баримжаагүй, аялдан дагалдсан, улмаар зорилгогүй бусдаас хараат хүн болгоход хүргэдэг.
Боловсролын шинэчлэлдээ бид цаг алдалгүй агуулгын өөрчлөлт хийж чадвал 12 жилийн дараа боловсролтой монгол иргэн, ахиад дөрвөн жилийн дараа бүтээлч монгол боловсон хүчин бэлтгэгдэн гарч манай улс эрчимтэй хөгжлийнхөө замд эргэлт буцалтгүй орох болно.
Б.БУЯНДЭЛГЭР /Философийн ухааны доктор /Ph.D/
Гурван баавгай
-
Л.Толстой Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ
буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ.
Үүд нь ...
5 years ago
No comments:
Post a Comment