Мэдээлэл холбооны технологийн салбараар Америкийн зах зээлд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа монголчуудын төлөөлөл Ж.Батсайхан (Microsoft – Seattle, WA), Я.Борчулуун (University of Missouri – Columbia, MO), Ч.Нямдаваа (Wave Systems Corp. – San Jose, CA), М.Өлзийдэлгэр (Microsoft – Seattle, WA), С.Энхсайхан (UN Department for General Assembly and Conference Management – New York, NY) нарыг “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр Монголын Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас (МШХХТГ) шагнажээ.
Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газраас салбартаа зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгож, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр олон ажил зохиодгийн нэг нь гадаадад өндөр хөгжсөн орнуудад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж буй монголчуудтай холбоотой байх явдал нь чухал ажлын нэг хэмээн үзэж Америкийн монголчуудын худалдааны танхимаас (АМХТ) дээрх шилдэгүүдийг шагналд тодорхойлжээ.
Мэргэжлээрээ амжилт гарган Америкийн компанид тогтвортой олон жил ажиллаж, мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан салбар, тасгийн дарга хийх, их дээд сургуульд багшлах гээд нүсэр их хөдөлмөр, том амжилт гаргасан монгол хүнээ урамшуулах, эргэж эх оронтой нь мэргэжлээр нь холбох, бусдад үлгэр дууриалал болгох, өндөр хөгжилтэй улс, байгууллагын соёл, ажлын зарчмыг монголчууддаа суралцуулах нь чухал ажлын нэг хэмээн үзэж Америкийн монголчуудын худалдааны танхимаас (АМХТ) АНУ-д ажиллаж байгаа мэдээллийн технологийн дараах шилдгүүдийг шагналд тодорхойлсон байна.
Монголын мэдээлэл харилцаа холбооны технологийнхон Америк дахь Монголчуудтай хамтарч олон сайхан амжилтад хүрнэ гэж бид бүгд итгэдэг. Мэдээлэл харилцаа холбооны салбарын тэргүүнүүддээ ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье!
Америкийн Монголчуудын худалдааны танхимын ажлын хэсэг
Нэг. Жаргалсайханы Батсайхан
Майкрософт компанийн WOW64 виндоусийн багт програм хангамжийн инженерээр ажилладаг. 2000 оноос Виндоусийн шелл, 16 бит үйлдлийн системийн хэсэгт зүтгэж ажлын гараагаа эхэлсэн.
Хоёр. Ядамсүрэнгийн Борчулуун
Мизурийн их сургуулийн Боловсролын их сургуулийн харьяа Мэдээллийн шинжлэх ухаан болон сургалтын технологийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажилладаг. Мизурийн Мэдээллийн шинжлэх ухаан болон сургалтын технологийн сургуулийг доктор, Мизурийн сэтгүүл зүйн сургуулийг мастер, Новосбирискийн техникийн их сургуульд магистраар төгссөн. Мизурийн их сургуулийн веб юзабилити лабораторийг үүсгэн байгуулалцаж Тайван, Солонгос, Хорват, Сингапур, Тайланд улсуудад салбарыг нь байгуулсан. АНУ-д ирэхээс өмнө Монголын мэдээллийн технологийн хөгжилд тодорхой хувь нэмэр ихийг оруулсан. Өдгөө ч Монголтой холбоотой олон судалгаа хийдэг.
Гурав. Чантуугийн Нямдаваа
Силикон валэйд Вэйв системс корпорацид програм хангамжийн инженерээр 2008 оноос ажиллаж байгаа. Өмнө нь Байринг поинт инк, Пассифик трэд энд технологид тус тус хоёр жил програм хангамжийн инженерээр, Оргилтек компанид програм зохиогчоор ажиллаж байсан. МУИС-г 1995 онд програм хангамжийн бакалавраар, Голдэн гэйт их сургуулийг програм хангамжийн магистраар тус тус төгссөн.
Дөрөв. Магсаржавын Өлзийдэлгэр
Майкрософт оффисийн багт 2004 оноос ажиллаж байна. МУИС төгсөөд Виржиния Тэк-д компьютерийн шинжлэх ухаанаар магистр хийсэн. М.Өлзийдэлгэр нь хэрэглэгчийн график орчныг тестлэх патент 2007 онд хамгаалжээ.
Тав. Сайнжаргалын Энхсайхан
НҮБ-н Ерөнхий ансамбль болон конференс удирдлагын албаны мэдээллийн системийг дэмжих удирдагчаар 2007 оноос ажиллаж байгаа. НҮБ-н энх тайвныг сахиулах албаны мэдээллийн технологийн ахлах хөгжүүлэгчээр 2000-2007 онд, тэргүүлэгч хөгжүүлэгчээр 1997-2000 онд, Босния Герцегонивад энх тайван сахиулах ажлын хэсгийн мэдээллийн технологийн ахлахаар, НҮБ-н статистикийн албаны мэдээллийн технологийн хөгжүүлэгчээр 1990-1996 онд, Монголын үндэсний статистикийн газар 1984-1989 онд тус тус ажиллаж байсан.
/Эх сурвалж: http://www.monamerchamber.org
No comments:
Post a Comment