Монгол Улсын ерөнхий сайд С. Батболд, Батлан Хамгаалахын сайд Л.Болд, МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ нар “Google” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмидттэй уулзалт хийжээ. Тус уулзалтаар Монгол Улс “Google” корпорацитай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцсэн байна.
Дэлхийн 50 гаруй орны хэлийг хөрвүүлдэг “Google translation”-д Монгол хэлийг оруулахаар болсон нь “Google” корпорацийн гүйцэтгэх захиралтай хийсэн уулзалтын гол үр дүн байлаа.
Уулзалтын хүрээнд андройд маркет дээр Монгол программистуудын боловсруулсан аппликэшнийг борлуулах нөхцлийг бүрдүүлж уг тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Мөн Монголоос андройд маркетруу хандалтыг нээснээр манай улсын хэрэглэгчид гар утсаа бүрэн дүүрэн ашиглах боломж бололцоотой болохыг дурьдсан байна.
“Google Earth” хэмээх интернэт хэрэглэгчдийг байлдан дагуулж чадсан аппликэшний программ хангамжинд улсын нийслэл болон томоохон хот суурин газрыг “Street view” үйлчилгээнд хамруулан Монголын зургийг тогтмол шинэчилж байх асуудлыг энэ удаагийн уулзалтаар хэлэлцжээ. Мөн манай улсад Google data center байгуулах саналыг МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ тавьсан байна. Үүнийг “Google”-ийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмит судалж үзэн хамтарч ажиллах боломжтой гэдгийг онцолсон. Уулзалтын үеэр МШХХТГ-ын зүгээс “Google” компанид богино дунд хугацаараар тодорхой чиглэлээр мэргэжилтэнүүд бэлтгэх талаар санал тавьсан байна. Эдгээр болон бусад олон асуудлаар “Google” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмидттэй хийсэн уулзалт амжилттай болж өнгөрлөө. Монголд анх удаа ирсэн ноён Эрик Шмидтийн хувьд манай улсад Мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжих бололцоог буйг онцлоод, цаашид идэвхтэй хамтран ажиллахаар болсноо мэдэгдлээ.
No comments:
Post a Comment