Friday, October 8, 2010

«Боловсрол-Сүлжээ»

Өнөөдөр ШУТИС, МУИС зэрэг мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг цөөн хэдэн Их сургуулиудыг эс тооцвол ихэнхи сургуулиуд сургалтын үйл ажиллагаандаа мэдээллийн системийг хангалтгүй ашиглаж байгаа. Тэд өөрийн гэсэн мэдээллийн систем байхгүй бөгөөд сургалтын үйл ажиллагаа, оюутны бүртгэл, сургалтын контент, мэдээлэл түгээх, цуглуулах бүх процесс цаасаар буюу уламжлалт арга барилаар явагддаг. Зарим сургууль нь өөрсдөө бие даан мэдээллийн систем байгуулж чадахгүй ч Moodle зэрэг нээлттэй контент, мэдээллийн системийг хэрэглэж байна. Ихэнхи нь нөгөө л хуучны уламжлалт аргаараа ямар нэг мэдээллийн системийн дэмжлэггүйгээр «болгоод» л байна.
Зарим нөхдүүд боловсролын «томчуултай» хоршин олон жижиг програмуудыг сургуулиудад зарж, борлуулах "шахааны" бизнес хийж байна. Номын сангийн, сургалтын албаны, сургуулийн вэб сайт гэх зэрэг програм хангамжуудыг бараг л сургууль бүр нэг удаа худалдан авч хэрэглэх оролдлого хийсэн байхаа. Гэвч үр дүн нь төдийлөн харагдахгүй, хоосон утаа болон замхарах нь олонтаа.
Сургуулиуд ямар нэг компаниас бэлэн шийдэл бүхий програм хангамж худалдаж авлаа гэхэд дараа нь асуудал гарах нь 99%-н магадлалтай бөгөөд нийлүүлэгч этгээд хэд үзэгдэж байгаад л «зугтаад» алга болдог туршлагууд олныг дурдаж болно.
Энд зөвхөн мэдээллийн технологийн компаниуд, програм зохиогчдыг муулах гэсэнгүй. Ихэнхидээ сургуулиуд өөрсдөө мэдээллийн системийн дэд бүтцээ аваад явах чадамжгүй байдаг бөгөөд нөгөө талаас тэдэнд их зардалтай байдаг. Мэдээллийн системүүдийг ажиллуулахад түүнийг дагаад сүлжээний инженер, мэдээллийн ажилтаны орон тоо байх хэрэгтэй болно. Тэдгээр мэргэжилтнүүдийн ур чадвар ихэнхдээ доогуур түвшинд байх бөгөөд багш, ажилчдын компьютерүүдэд засвар үйлчилгээ хийхээс одоохондоо хэтрэхгүй байна.
Ер нь ингэхэд сургуулиуд, ялангуяа дунд сургуулиуд, тус тусдаа электрон номын сан, электрон сургалтын материалын сантай байх шаардлагатай юу? Цаашлаад бүх дунд сургуулиуд вэб хуудастай байх шаардлагатай юу? Хэрэв шаардлагатай бол сургууль бүрт байх тэдгээр номын сангууд нь бие биенээсээ юугаараа ялгагдах вэ? Тэдгээр номын сангийн системүүдийг хэн арчлах вэ? Мэргэшсэн технологийн ажилтнууд бий юу? гэсэн олон асуудлууд ар араасаа гарч ирнэ.
Энэ байдал нь хэтэрхий их зардал гаргаж байгаа хэрэг юм. Зардал гэдэг үгний цаана татвар төлөгчдийн мөнгө байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй шүү. Үүний оронд найдвартай интернэтээр сургуулиудаа хангаад, мэдээллийн эх үүсвэрийг нэг цэгт төвлөрүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй.
Манайдаа л томоохонд тооцогддог сургуулиуд яагаад өнөөг хүртэл ямар ч мэдээллийн системгүйгээр яваад байгаа хэдэн шалтгаан байна л даа:

  • Удирдлагуудын мэдээллийн технологийн талаарх мэдлэг дутмаг, түүнгүйгээр болоод л ирсэн гэсэн хуучны сэтгэлгээтэй байна.
  • Мэргэжлийн багш нарын чадвар муу. Үр ашигтай, хэрэгтэй систем хийхэд наад зах нь олигтой баг бүрдүүлж ажиллах шаардлага гарах ба ажлын хажуугаар санаачилан хийх нь бараг бүтэхгүй.
  • Зарим нэг идэвхитэй багш нар санаачилга гаргаж төсөл бичээд ч удирдлага нь төслийн цаад ач холбогдлыг тооцохоос өмнө төсөв мөнгийг нь бодоод татгалздаг. Тэдний бодлоор «мэдээллийн систем» гэсэн нүдэнд харагдахгүй хий хоосон зүйлд мөнгө үрэх нь дэмий зүйл бөгөөд өмнө болоод л ирсэн юм гэсэн шиг хуучны бичиг цаас шидэлцдэг арга барилаа илүүд үзнэ. Зарим талаар бүр мөнгө завших санаатай гэж хардах нь ч энүүхэнд.
  • Одоогоор ихэнх боловсролын салбарын удирдлагууд бидний хэлдэгээр үеэ өнгөрөөчихсөн, өөрөөр хэлбэл тэдний залуу үед компьютер, мэдээллийн технологийн боломжууд байгаагүй болохоор ач холбогдолыг нь төдийлэн ухаарахгүй.

Тэгвэл цаашид яах вэ? Энэ хэвээрээ л «уламжлалт» арга барилаараа яваад байх уу? Сургуулиад арчилгаа, үйлчилгээ муутай "шахааны" програм хангамжууд худалдан авч хохирсоор байх уу? Гэтэл нөгөө талаас сургууль бол сургалтын үйл ажиллагаандаа илүү анхаарах ёстой мэдлэгийн үйлчилгээний байгууллага юм. Технологи, мэдээллийн систем, аж ахуйн шинжтэй дагалдах ажлуудад анхаарал бага тавьж сургалт судалгаа, мэдлэгийн үйлдвэрлэлдээ тэд илүү хүч, энергээ зарцуулах нь зүй ёсны юм.
Цааш нь энэхүү мэдээллийн нэгдсэн системийг байгуулах боломж байгаа эсэхийг бодоё л доо. Нэгэнт сургуулиуд тус тусдаа мэдээллийн системтэй байх нь үр ашиггүй бөгөөд дэмий зүйл гэдэг нь практикаас ч тэр, логикын хувьд бодсон ч тэр илэрхий харагдаж байна. Тэгэхлээр Интернэтийн боломж дээр тулгуурлан нэгдсэн мэдээллийн системийг байгуулах нь хамгийн зөв сонголт байна. Заавал шинээр байгуулах ч шаардлагагүй л дээ. Үүнд Google Apps for Education зэрэг интернэтийн үйлчилгээ маш сайн тохирно.
Боловсролын нийгмийн харилцаанд Google Apps for Education зэрэг системүүдийг ашигласнаар маш олон давуу талууд бий болно:
  • Сургууль бүр өөрийн домэйн нэрээр сүлжээ байгуулж болно. Үүний сацуу и-мэйл, вэб сайтынхаа асуудлыг давхар шийдчихнэ. Төрийн өмчийн сургуулиуд бол ашгийн төлөө бус байгууллага учраас зардал, мөнгө хэмнэх бүхий л бололцоог эрэлхийлэн хайх ёстой.
  • Сурагчид сонирхлоороо (сагс, марк цуглуулах) эсвэл хичээлүүдээр (физик, уран зохиол гэх мэт) нэгдэж онлайн бүлгэм үүсгэх боломжтой. Энэ нь зөвхөн тухайн сургуулиар хязгаарлагдахгүйгээр улс орны аль ч өнцгөөс нэгдэн нийлэх боломжийг олгоно.
  • Хичээлийн материал нийтлэх, слайд, видео хичээлүүдийг хамтран ашиглах, бусдадаа түгээх боломжтой.
  • Хоорондоо текстэн болон дүрстэй чаат хийнэ. Эдгээр нь орчин үеийн хүүхдүүдийн харилцааны нэг чухал хэрэгсэл болж байна. Хот, хөдөөний ялгаагүйгээр мэдээллийн технологийн энэ боломжийг хүртэх нь сайхан хэрэг юм.
  • Багш нар (оюутнууд ч мөн адил) нэг баримт дээр хамтран ажиллах боломжтой. Интернэт сүлжээгээр хамтран ажиллах нь бүтээмжийг асар их нэмэгдүүлэх гайхалтай «ид шидтэй» байдаг. Жишээлбэл, нэг хичээлийн материал дээр нэг багш сууж ажиллахын оронд интернэтээр хамтран ажилласнаар маш хурдан хугацаанд, чанартай бүтээгдэхүүн гаргаж чадаж байгаа юм. Мөн интернэтээр хамтараад орчуулгын ажил хийх нь их үр дүнтэй байдаг.
  • Багш нарын мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Багш нарыг байсхийгээд хотод цуглуулж семинар хийх шаардлагагүй байж болно. Иймэрхүү семинарууд ихэнхдээ үр дүн багатай өнгөрдөг гэдгийг хүмүүс ярьж байдаг шүү дээ. Тэд энэ сүлжээгээр бие биенээсээ суралцах болно.
  • Боловсролын Wiki сайт байгуулах гэх мэтээр нийтийн боловсролд хамаатай мэдлэгүүдийг энэ системээр дамжуулан түгээх бүрэн боломжтой.

Товчхондоо Google Apps for Education нь илүү нийгмийн харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэхэд тохиромжтой систем юм.
Энэ системийг тойруулаад бид нэгдсэн бодлоготойгоор боловсролын бүртгэл, мэдээлэл, сургалтын цөм системүүдээ өөрсдийн хүчээр хөгжүүлэх хэрэгтэй. Ийм нэгдсэн мэдээллийн систем байгуулснаар олон ач холбогдол гарах болно:
  • Боловсролын яамнаас цуглуулдаг статистик мэдээллүүдийг гаргахад хялбар болно. Нэгдсэн мэдээллийн системтэй болвол боловсролын яамнаас жил бүр шаарддаг төрөл бүрийн судалгаанууд маш хялбар гарах боломжтой болно. Сурагчдын шилжилт хөдөлгөөн, багш нарын мэргэжлийн ур чадвар гэх зэрэг олон төрлийн судалгаа, тайланг боловсролын яамнаас шаарддаг юм билээ.
  • Улсын хэмжээнд нэгдсэн электрон номын сан байх хэрэгтэй. Сурах бичгийн хүрэлцээ муу байна, ном унших материалууд оюутан сурагчидад хангалтгүй байна гэж ярьдаг. Монгол орны хэмжээнд нэгдсэн электрон номын сан (эсвэл сургалтын контентын сан) байгуулснаар тодорхой хэмжээгээр энэ асуудлыг шийдэхэд нэмэр болно. Тус тусдаа онлайн номын сан байгуулахын давуу тал гэж огт байхгүй.
  • Зарим олимпиад тэмцээнүүдийг мэдээллийн сүлжээ ашиглан зохион байгуулах үр дүнтэй байна. Жишээлбэл, програмчлалын уралдаан тэмцээнд автоматаар шалгаж засалт хийдэг системийг ашиглах маш үр дүнтэй байна.
  • Цаашлаад боловсролын салбарт болж байгаа мэдээ, мэдээлэл шинэ соргог зүйлсийг бид аль нэг мэдээний вэб сайтаас олж уншиж байгаа нь ядарсан хэрэг юм. Энэ мэдээллийн систем нь боловсролын яамны албан ёсны мэдээлийн сайт байх боломжтой.
Ерөнхийд нь дүгнээд хэлвэл нийгмийн харилцааны системд Google Apps for Education зэрэг дэвшилтэт технологийг сургуулиуд ашиглах, харин бүртгэлийн зорилгод өөрсдийн бүтээсэн системийг ашиглах нь зөв хослол болно. Энд бас улс орны аюулгүй байдал, бодлогод нийцүүлэх үүднээс ийм шаардлага байгаа юм. Манай дотоодын IT компаниуд Google Apps дээр төвлөрсөн харилцааны системийг тойруулаад сургалтын, бүртгэлийн нэмэлт програм хангамжуудыг хөгжүүлэх, өргөтгөх бүрэн боломжтой юм.
Мэдээж технологи дангаар бүх асуудалд хариулт болохгүй, гэхдээ ядаж л харилцааны болоод хамтран ажиллах дэд бүтэц нь бүрдсэн байна гэдэг бол оюуны нийгмийн хувьд том амжилт юм.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл