Tuesday, May 31, 2011

Google-ийн Монгол инженер

Программ хангамж, интернэт хайлтын систем, зар сурталчилгааны технологиор дэлхийд тэргүүлдэг Google-ийг мэдэхгүй, ашигладаггүй хүн ховор биз ээ. Өнөө цагт Аи Ти салбарт цахиур хагалж яваа Google-ийн "Монгол брэнд", Баярсайханы Баттулгаас цөөн асуултад хариулт авсныг уншигчдадаа толилуулъя.
Тэрээр Google-ийн БНСУ дахь салбарт программ хангамжийн инженерээр дөрвөн жил ажиллаж байгаа аж. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн сурагч байхаасаа математик, мэдээлэл зүйн хичээлийн нийслэл, улсын олимпиадад тэргүүн байрт шалгарч байсан хүү хожим компьютерийн инженер мэргэжлийг эзэмшжээ. Дунд сургуулийн ахлах ангид байхдаа Аргентин, Румын, Турк улсад зохион байгуулсан математик, мэдээлэл зүйн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн таван удаа оролцохдоо алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.
Монгол хүний оюун ухаан хаана ч үнэлэгдэнэ гэдгийг хүний нутагт үзүүлж яваа залууд талархахгүй байхын аргагүй.
-Дэлхийд нэр хүндтэй Google компанид ажиллана гэдэг нэр төрийн хэрэг болов уу. Ямар шалгуураар ажилтнаа авдаг юм бол?
-Миний хувьд дунд сургуульд байхаасаа математикийн хичээлийг илүү сонирхдог байсан. Аргентин, Турк, Румын улсад зохион байгуулсан мэдээлэл зүй, математикийн олон улсын хүүхдийн олимпиадаас медаль хүртэж байлаа. Компьютерийн инженер болно гээд ШУТИС-д оюутан болсон. Дараа нь БНСУ-ын Инчон, Дэжон хотын их сургуульд бакалавр, мастер хамгаалсан. АНУ-ын Калифорнийн их сургуульд суралцсан. Миний тухай ийм мэдээлэл дэлхийн шилдэг компанид сонирхол татах ач холбогдолтой зүйл биш байх. Учир нь аль ч компанийн хувьд ажилтан сонгон шалгаруулалтын гол хэмжүүр нь тухайн хүн юу хийж байсныг биш цаашид юу хийж чадах вэ гэдгийг анхаардаг. Google ч ялгаагүй боловсон хүчнээ шилж сонгохдоо өмнө нь гаргасан амжилтыг биш мэргэжлийн ур чадварыг түлхүү анзаардаг.
Харин сонгон шалгаруулалт нь дунджаар 6-10 үе шаттай, өрсөлдөөн ч их. Миний хувьд, их сургуулиа төгсөөд Google-д ажиллахаар шийдсэн байсан болохоор нэлээд бэлдсэн. Шалгаруулалтад тэнцэхэд програмчлалаас гадна олон улсын олимпиадад таван жил дараалан амжилт үзүүлсэн нь хэрэг болсон байж ч магад.
Мэдээллийн технологи дэлхийн зах зээлд асар хурдацтай хөгжиж байна. Тэгэхээр софтвер компаниуд өндөр технологид суурилсан үйлдвэрлэлүүдийг ашиг орлогоороо тэргүүлж байна. Монгол инженерүүдэд бусдаас дутах юм байхгүй шүү дээ. Урагш тэмүүлэх хичээх л хэрэгтэй.
-Түүнээс гадна дэлхий даяар сая гаруй сервертэй, 21800 гаруй ажилтантай Google компани Fortune сэтгүүлийн дүгнэснээр, "Дэлхий дээрх дөрөв дэх сайн ажлын байр" гэдэг нь таны сонирхлыг татсан болов уу?
-2007, 2008 онд Fortune сэтгүүлийн шалгаруулалтад Google тэргүүлж байсан нь надад таалагдсан. Дэлхийд дээгүүрт нэрлэгддэг том компанид ажиллана гэдэг тийм ч амар олдох боломж биш байх. Юутай ч манай компани дэлхийн өнцөг булан бүрд тооцоолон бодох байгууламжтай. Хайлт хийж байгаа ямар ч мэдээлэл зөвхөн ганцхан газарт биш, олон газарт байдаг. Тиймээс хаа нэгтээ эвдрэл, гэмтэл гарлаа гэхэд аль нэгэн тооцоолон бодох төвд найдвартай хадгалагдаж байдаг. Энэ бол давуу тал. Түүнээс гадна Google-ийн инженерүүд бүтээгдэхүүнийг 24 цагийн туршид боловсруулж, хайлтын системийн найдвартай байдлыг хангаж байдаг.

-Google-ийнхний уриа нь их өвөрмөц юм. "Хорон санаатай байж болохгүй" гэсэн нь ямар учиртай юм бол?
-Манай компани дэлхий дээрх хамгийн өндөр хүчин чадал бүхий тооцоолох байгууламжийг бий болгосон. Иймээс хариуцлага маш өндөр. Тэгэхээр өөрсдийн гараар бүтээсэн бүхнийг хүн төрөлхтөний тусын тулд зориулах ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Google бол ил тод, нээлттэй мэдээллийн тогтолцоог дэмждэг компани. Хүмүүст мэдээллийн төвүүдийг зүй зохистой ашиглах боломж олгодог болохоор тэр их хүчин чадлыг өчүүхэн ч болтугай буруу зүйлд зориулж болохгүй. Тэгэхээр манай уриа ямар учиртай нь тодорхой байгаа биз дээ.
-Google ажилтнууддаа хэр өндөр шаардлага тавьдаг вэ?
-Программ хангамжийн компаниудад хамгийн үнэт хөрөнгө бол инженерүүд. Тиймээс ажил олгогч компаниуд чадварлаг инженерүүдийг татахын тулд тав тухтай ажлын байр, амжилт гаргах боломж бүрдүүлэхэд онцгойлон анхаардаг. Өөрөөр хэлбэл, шударгаар өрсөлддөг гэсэн үг. Америкийн Майкрософт ч, юм уу томоохон компаниуд хүмүүсийнхээ ажиллах нөхцөлд түлхүү анхаардаг. Тухайлбал, ажлын цагийг хатуу баримталдаггүй, ажилтнууд шаардлагатай тохиолдолд гэртээ ажиллаж болно гэх мэтчилэн "зөөлөн" аяс байдаг юм билээ. Харин Google-ийн тухайд ажлын цагийн 20 хувьд сонирхсон зүйлээ хийх боломжтой. Тухайн цагт үр бүтээлтэй ажиллаж, томоохон бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдол ч цөөнгүй бий. Бидний сайн мэдэх Gmail-ийг ингэж бүтээсэн түүхтэй юм билээ. Миний хувьд янз бүрийн олон төсөл дээр ажиллаж үндсэн бүтээгдэхүүн гаргаж авсан нь туршлага хуримтлуулсан амжилт болов уу. Ер нь завгүй л ажиллана даа.
-Билл Гэйтсийн багт Монголын шилдэг залуус ажилладаг. Google-д танаас өөр Монгол хүн байдаг уу?
-Одоохондоо ганцаараа байна.
-Та өмнөд Солонгосын салбар дахь шилдэг инженерээр шалгарсан байх юм. Баяр хүргэе!
-Нийгэмд өрнөж буй онцлох үйл явдлуудын талаархи мэдээллийг хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх автомат систем дээр ажиллаж байхдаа өнгөрсөн оны сүүлээр энэ шагналыг хүртсэн. Ер нь хэрэглэгчийн хайсан зүйлийг олж өгөх биш, шинэ соргог мэдээллийг урьдчилан хүргэх нь өнөө цагийн нэгэн чухал үзүүлэлт шүү дээ.

-Хиймэл оюун ухааны чиглэлээр хийсэн судалгааныхаа тухай товчхон яривал ямар вэ?
-Их сургуулийн оюутан байхдаа, дараа нь мастерын зэрэг хамгаалахдаа хиймэл оюун ухааны чиглэлээр судалгаа хийсэн. Хиймэл оюун ухаан гэдэг нь хүний тархин дахь үйлдлүүдийг тооцоолох машины тусламжтайгаар хийж буй судалгааг хэлж байгаа юм. Их өргөн цар хүрээтэй ойлголт л доо. Хиймэл оюун ухааны судалгаагүйгээр компьютерийн шинжлэх ухааны аль ч салбарыг төсөөлөх аргагүй. Оюутан байхдаа хийсэн судалгааг хүнийг ялган таних харааны систем болон зургаас эх дүрсийг буцаан сэргээх үндэс дээр суурилсан гэж ойлгож болно.
-Монголдоо ирж ажиллах уу?
-Google-д дөрвөн жил ажиллалаа, ээлжийн амралтаа аваад эх орон ээж, аав руугаа яардаг. Миний хувьд, Монгол инженерүүдтэйгээ хамтарч, дэлхийн программ хангамж, үйлдвэрлэлийн хязгааргүй уудам зах зээлд хүчирхэг компани байгуулахсан гэж хүсдэг. Монгол инженерүүдэд маань эх орны газрын хэвлий дэх баялгаас ч илүү их баялгийг бүтээх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын дунд сургуулиудын математик сургалтын төвшин харьцангуй өндөр. Математик сэтгэлгээ сайтай, чадварлаг инженер залуус олон байна. Тэдэнд дэлхийн программ хангамжийн зах зээлд өрсөлдөх боломжийг цэлийтэл нээж өгөхсөн гэж хүсдэг.

Н.Дөл

1 comment:

  1. Я Абрам Александр, бизнесмен, который смог возродить свой умирающий лесозаготовительный бизнес с помощью отправленного Богом кредитора, известного как Бенджамин Ли, Кредитный Консультант. Проживаю в Екатеринбурге Екатеринбург. Вы пытаетесь начать бизнес, погасить свой долг, расширить свой существующий, нуждаетесь в деньгах для покупки расходных материалов. Если у вас возникли проблемы с попыткой получить хорошую кредитную линию, я хочу, чтобы вы знали, что мистер Бенджамин проведет вас до конца. Это правильное место для вас, чтобы решить все ваши финансовые проблемы, потому что я живое свидетельство, и я не могу просто оставить это при себе, когда другие ищут способ быть финансово поднятым .. Я хочу, чтобы вы все связались с этим Богом, посланным кредитором используя детали, как указано в других, чтобы принять участие в этой прекрасной возможности Электронная почта: lfdsloans@outlook.com Или WhatsApp / Text + 1-989-394-3740.

    ReplyDelete

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл