Wednesday, October 5, 2011

Steve Jobs

Технологийн суутан Стив Жобс таалал төгсөв

Технологийн салбарын агуу гүрэн “Apple” корпорацийг үндэслэгч Стив Жобс 56 настайдаа таалал төгслөө. "Стивийн гайхалтай эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, цөхөршгүй эрэл хайгуул корпорацийн тоо томшгүй олон шинэ санааны ундарга болж, бид бүгдийн амьдралыг ирээдүйд хөтөлсөөр ирсэн” гэж Apple эмгэнэлдээ дурьдсан байна. Стив Жобсыг 2004 онд нойр булчирхайн хорт хавдартай гэж оношилсон билээ.
“Microsoft”-ын босс Билл Гейтс “Стив Жобсын бүтээсэн үйл хэргийг хэдэн үе дамжин шагшин магтах биз ээ. Түүнтэй хамтран ажиллаж байсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг” хэмээсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай нар Америкийн хамгийн агуу зохион бүтээгчдийн нэг Стив Жобс таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, дэлхийг өөрчилж чадах итгэл, үнэмшилтэй, сэтгэлгээний өндөр түвшинд хүрсэн, гайхалтай авьяастай хүн байсан” гэжээ. Түүнчлэн Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг түүнийг Альберт Эйнштейн, Томас Эдисон нарын адил суут ухаантан байсан гэж эмгэнэлдээ дурьдсан юм. Стив Жобс өнгөт iMac компьютер, iPod болон iPhone –ийг дэлхий дахинд “бэлэглэсэн” нэгэн. Харамсалтай нь тэр “Apple” корпорацийн iPhone –ийн хамгийн сүүлийн шинэ загвар iPhone 4S –ийг дэлхий нийтэд танилцуулсан өдөр нас барсан юм. Жобс өнгөрсөн нэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас тэрээр “Apple”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа Тим Кукт шилжүүлсэн билээ. Албан тушаалаа өгсний дараа тэрээр “Apple корпорацийн хамгийн их ажилтай, амжилттай өдрүүд бидний урд байгаа. Тэр өдрийг би тэсэн ядан хүлээхийн зэрэгцээ өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэж хэлж байсан юм.
1970 онд Стив Жобсын үүсгэн байгуулж байсан “Apple” корпораци 351тэрбум ам.долларын зах зээлийн эргэлттэй дэлхийн хамгийн алдартай технологийн салбарын үйлдвэрлэгч компани болсон юм. 1991 онд Лауренс гэгч бүсгүйтэй гэрлэсэн Стив Жобс гурван хүүхдийн аав байжээ.


Хувь тавиланг өөрчилсөн ”алим”-ны модны цэцэрлэгч

“Аpple” компанийг үндэслэгч Стийв Жобс 56 насандаа таалал төгслөө. Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэнд илт муудаж, хорт хавдар туссан бөгөөд “Apple” компанийн тэргүүний албаа хүлээлгэн өгөөд байсан юм. Бичил технологийн ертөнцөд хувьсгал хийж чадсан Стийв Жобс АНУ-ын “тархи”-ийг бүтээсэн жирийн нэгэн буддист хүн байжээ. Тэрбээр “Агуу ихийг бүтээх цорын ганц арга бол хийж буй зүйлдээ дурлах явдал” хэмээн хэлдэг байв. Тэр дэлхий ертөнцийг өөрийн гараар өөрчлөн бүтээж байгаадаа үргэлж сэтгэл хангалуун байжээ.
“Стийв Жобс бүх насныханд нөлөөлж чадсан. Түүн шиг ийм хүн дэлхий дээр өөр байхгүй” хэмээн “Apple”-ийн гол өрсөлдөгч “Майкрософт” компанийн тэргүүн Билл Гейтс ярьсан юм. Анх “iPod”, “iPhone”-ийг бурханы гар утас хэмээн нэрлэж байсан бол “iPad”-ийг бурханаас давж гарсан хүний бүтээл хэмээн хэвлэлүүд шуугиж байв. “Apple” компанийн бүтээсэн технологийн дэвшлийн сор болсон бүтээлийн нэг “iPad” худалдаанд гарсан даруйдаа үнэхээр шуугиан тарьсан явдал юм.
“Netscape Communications” ком­панийн тэргүүн Марк Адрийссен “Стийв бол Моцарт, Пикассотай адилхан цорын ганц, дахин дав­тагдашгүй суутан” хэмээн “Apple”-ийн суутны тухай ярьсан байна. Стийв Жобсын амьдрал амжилт, уналтаар баян. Түүний ачаар “Apple” компани 1980-аад оны үед амжилтын оргилд аваачиж чадсан ч бас эргээд уналтад орж байсан юм. Харин хожим андройд үйлдлийн систем бүхий компьютер, гар утасны зах зээлд эргэлт оруулж чадсаныхаа ачаар “Аpple”-ийн нэр дахин алдаршиж эхэлсэн билээ. Тиймээс С.Жобсыг “Apple” компанийг хоёр удаа бай­гуулсан хэмээн тодорхойлдог.
“Apple” компанийн анхны ажилч­дын нэг Л.Фернандез “Стийв Жобсын дотны нөхөр, ажлын хамтрагч Вознайк нь гайхалтай чадварлаг инженер. Гэхдээ Стийв хамгийн эрсдэлтэй алхамыг хийдэг учраас Вознайкаас давуу байж чаддаг” хэмээн ярьжээ. “Apple”-ийг үндэс­лэгчийн хувьд компани дээрээ ирэх бүртээ шинэ адал явдалтай учирч байгаа юм шиг санагддаг байсан тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэг бус удаа дурьдаж байв.
Тэрбээр гэрлэлтээ хараахан бат­луулаагүй байсан их сургуулийн хоёр оюутны хүү болон Сан-Фра­нцискод мэндэлжээ. Амьдралд учраа­гүй олоогүй явсан эцэг, эх нь хүүг Калифорнид амьдардаг Паул Жобсын гэр бүлд үрчлүүлсэн байна. Түүнээс хойш ердөө сарын дараа тэд гэрлэж, нэг охинтой болсон юм. Харин охин дүү нь насанд хүрэх хүртлээ Стийв гэдэг ахтайгаа мэдээгүй аж.
Стийв Жобсыг өргөж авсан эцэг эх нь АНУ-ын Цахиуртын хөндийд амьдрахаар очсон нь технологийн дэвшлийн охийг багаасаа мэдэрч өсөх боломжийг бүрдүүлж өгчээ. Тэрбээр ахлах сургуульд сурч байхдаа “HP” компанид ажиллах урилга авч байв. Харин хожим нь коллежид орсныхоо дараа сургуулиа хаяж, видео тоглоомын үйлдвэрлэлээр тэ­рүүлдэг “Atari” компанид ажилд ор­жээ. Энэ үеэр цалингаа цуглуулан мөнгө хурааж Энэтхэг рүү аялсан нь хожмын амьдрал, үзэл бодлыг нь өөрчилсөн томоохон алхам болсон байна. Энэхүү аяллаас эргэж ирэхдээ хүү ламын орхимж өмсөж, үсээ хусан хувраг шиг төрхтэй болсон байжээ. Тэрбээр үлдсэн амьдралынхаа тур­шид буддизмыг шүтэж, цагаан хоол­тон болсон юм. Хожим нь тэрбээр ярихдаа “Энэтхэгт явж байхдаа компьютерын шинэ загвар бүтээх санаагаа олсон” гэжээ.
Энэтхэгээс эргэн ирснийхээ дараа Стийв Жобс “Atari” компанид эргэн орж, өөрийн найз Стийв Вознайктай хамтран компьютерын шинэ загвар зохион бүтээж, анхны загвараа дэлгүүрүүдэд тавьж, тэднийг “Apple 1” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр дуртай жимснийхээ нэрээр компаниа нэрлэжээ. Хожим нь “Apple” компани “Atari”-ийн гол өрсөлдөгчдийн нэг болсон юм. “Apple”-ийн анхны загвар гарснаас хойш ердөө нэг жилийн дараа “Apple II” Калифорнийн дэлгүүрүүдэд тавигдаж эхэлжээ. Технологийн дэвшлийг бүтээхийн тулд маш хөрөнгө шаардагддаг. Энэ асуудал залуухан Стийв Жобсыг ч тойрсонгүй. Гэвч тухайн үед нэгэн хөрөнгө оруулагч түүнд 250 мянган ам.долларын зээл олгосны ачаар “Apple” компани хөл дээрээ тогтож эхлэв. Тухайн цаг үедээ “Apple II” бусад компьютеруудаас ялгарч чадаж байв. Тэр үед орчин үеийн компьютеруудтай харьцуулахад тэр үед зүгээр л дөрвөлжин хайрцагнууд хөглөрдөг байсан бол тэдний дэргэд “Apple II” бүрэн тоноглогдсон робот байжээ. Стийв Жобсын шинэ загварууд технологийн ертөнцөд хувьсгал хийж, 1993 онд зургаан сая хувь борлогдон тухайн үедээ дээд амжилт тогтоож байв. Харин энэ үеэс тэрбээр компанидаа мэргэшсэн менежерүүдийг урьж, ажилчид хөлс­лөн “Apple” корпорацийг бай­гуулжээ.
“Apple”-ийн удирдах ажилтнуу­дын нэг нь Стийв Жобсын тухай “Түүнийг тааж мэдэхийн аргагүй хүн” хэмээн тодорхойлж байсан аж. “Түүний толгойд шинэ санаа орж ирвэл үүнийгээ гүйцэлдүүлж, ажил хэрэг болгохын тулд юуг ч үл хайхран зүтгэдэг” хэмээн ажилтан нь ярьжээ. Харамсалтай нь “Apple” компани 1984 онд санхүүгийн хямралд орж, дампуурлын ирмэгт очиж байв. Энэ үед Стийв Жобс “Next computer”-ийг байгуулж, “Уолт Дисней” ком­па­нитай хамтран анимэйшн киноны салбарт хүч үзэж эхэлсэн юм. Энэ үеэс алдарт “Pixar” гэдэг нэрээр түүний компани алдаршжээ. Кино урлагийн салбар дахь Стийв Жобсын шилдэг бүтээл нь 1995 онд хийгдсэн “Тоглоомын түүх” хүүхэлдэйн кино байлаа. Түүний дараа “Немогийн эрэлд”, “Мангасууд” зэрэг кинонууд бүтээснээр “Pixar” групп анимэйшн киноны салбарт амжилт үзүүлж эхэлсэн юм.
Стийв Жобс нэгэнтээ “Чи хэ­рэглэгчдээсээ зүгээр л юу хүсч байгааг нь асууж, хэлснийг нь хийж өгч болно. Гэхдээ чамайг бүтээлээ гаргасны дараа хэрэглэгчид дахиад өөр шинэ зүйлийг хүсч эхэлдэг” хэмээн ярьсан аж. Тийм учраас түүний бүтээлүүд нэг нь нөгөөсөө давж гарахуйц технологийн дэвшил болж чаддаг байжээ. Хүн төрөлхтний хувь тавиланг гурван алим өөрчилсөн гэдэг. Евагийн хазсан алим, Ньютоны толгой дээр унасан алим, бас Стийв Жобсын тарьсан “алим”. Тэрбээр энэ “алим”-ны модны цэцэрлэгч нь байжээ.

Мөрөөд, Стив Жобсоос ч илүүг

Ертөнцийн түүхийг өөрчилсөн гурван алим бий. Эхнийх нь Адам, Ева­гийн могойноос авсан алим, дараа­гийнх нь Исаак Ньютоны толгой дээр унасан алим. Гурав дахь нь Стив Жобсын бий болгосон алим аж. “Apple” фирмийн үүсгэн байгуулагч Стив Жобсын дуртай жимс нь алим. Тэрээр шинэ бизнесээ эхэлчихээд гурван сар болж байхдаа түүндээ чухам ямар нэр өгөхөө бодож олоогvй байжээ. Тэгээд хамтрагч руугаа утасдаад “Би компаниа Apple гэж нэрлэлээ. Хэрвээ чи таван цагийн дотор өөр шилдэг санаа хэлэхгүй бол шүү дээ” гэсэн байна. Ингээд л Америкт жимсээр нэрлэсэн Apple Macintosh хэмээн пүүс бий болжээ. Гэвч түүний толгойд зүгээр ч нэг дуртай жимснийх нь нэр орж ирээгүй бөгөөд компанийнхаа өрсөлдөгч болох “Атари” компаниас утасны лавлахад өмнө нэр нь бичигдэж байх ёстойг ч тооцоолсон гэдэг.
Түүнийг амжилтанд хүрэхэд их сургуулийн дипломны дүн огт хэрэг болсонгүй. Учир нь түүнд угаасаа их сургуулийн диплом байтугай дунд сургууль төгссөн гэрчилгээ ч байх­гүй аж. Гэвч тэр өөрийгөө бусдаар үнэ­лүү­лэхийг хүсэлгүй, өөрийгөө үнэлж чадсан тул бусдын мөрөөддөг ор­гилд хүрчээ. Инк сэтгvvлийн “Арван жилийн ажил хэрэгч хvн”, 2007 оны Fortune сэтгүүл түүнийг дэлхийн хам­гийн хүчирхэг бизнесмен, 2009 оны Forbes-оос гаргадаг “дэлхийн хамгийн хүчирхэг эр” гээд л түүнийг үнэлжээ. “Хий хоосон мөрөөдөлгүй урдаа байгаа ажлаа л хийж бай” гэх бусдын зөвлөгөөг тэр сөрсөн тул ийм амжилтад хүрчээ. Тэр мөрөөдөж, зөгнөж, энгийн биш байсан тул өөрийнхөө бүтээлийг олны хэрэглээ болгожээ.
Тэрээр өөрийнхөө талаар “Би энэ бvгдийг ердөө ч мөнгөний төлөө хийгээ­гvй юм. Миний ажил бол хvмvvсийг хөнгөн, сул чөлөөтэй байлгах бус, харин тэднийг улам илvv сайн болгож хөг­жvvлэх юм. Минийн ажил бол ком­­па­­нийнхаа бүх талууд дээр ажил хэргийг эмхэлж, бvдэг байгаа замуудыг тодруулж, хамгийн чухал ажлын гол цөмийг атгах явдал юм. Өөрсдөд нь байгаа сайн ажилчдыг улам илүү сайн ажиллахад нь түлхэц өгч, байж болох бүх л эрчимтэй шинэлэг санаануудыг олох юм. Агуу зvйл бvтээх ганц гол зам нь чи өөрийнхөө хийж байгаа зvйлдээ дуртай байх явдал бөгөөд хэрвээ чи хараахан тvvнийгээ олоогvй байгаа бол эрсээр л байгаарай. Битгий бууж өгч зогсоорой, нэгэн өдөр л чи олох бол­но. Чиний амьдралын хугацаа чинь хязгаартай учир өөр нэгний амьдралаар амьд­рах гэж битгий vр, бусад хvмvvсийн бод­лын vр дvнгийн ягшмал сургааль, онолд өөрийгөө битгий хvлvvл. Бусад хvмvvсийн бодол санааг өөрийн чинь дотоод дуу хоолойг живvvлхийг бvv зөвшөөр. Чи өөрийнхөө vхнэ гэдгээ мэдэж амьдрах нь, өөртөө байгаа ямар нэг зvйлээ алдах вий гэдэг айдсаас салж амьдрах хамгийн зөв арга юм. Чи энэ хорвоод ирэхдээ юу ч vгvй нvцгэн л ирсэн. Юу ч үгүй хоосон буцах болно” гэжээ. Энэ үгийг хэлж байсан хүн одоо үгүй болсон ч хэлсэн үг нь мөнх орших биз.
“Энд эрвээхэй далавчаа дэвэхэд ертөнцийн нөгөө талд шуурга дэгддэг” гэж үг бий. Стив Жобсийн амьдрал ч энэ үгийг батлах мэт аж. Түүний “дэвэлт” дэлхийн хүн бүрийн амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн. Гар утас, компьютер гээд л, бид ямар ч талаараа хэрэглэхэд эвтэйхэн түүний бүтээлийг гангараа биш, хэрэглээ болгох болсон тул тэр үнэхээр олон хүний амьдралд нөлөөлсөөр. Зөвхөн түүний бүтээсэн киноны технологийн ачаар л гэхэд бяцхан хүүхдүүд маань үслэг мангас, өрөөсөн нүдэттэй нөхөрлөсөн, машинаа “сахилгагүй Улаахан минь” гэж дууддаг, ойшоож хардаггүй байсан загаснуудаасаа Немог асуудаг болсон.
Одоогоос долоон жилийн өмнө хорт хавдартай гэдгээ зарлаж, өвчинтэйгээ тэмцэж байсан түүний тэмцэл ялагдлаар өндөрлөлөө. Гэвч тэр амьдралыг ялж, олон хүнд ялах итгэл найдварыг бэлэг­лэсэн. Хэрэв тэр өөрийнх нь араас га­шууд­сан хүн бүрийн үгсийг сонссон бол өөрөөрөө гарцаагүй бахархах байсан. Тэрээр “би ялсан” гэж бахдахаас илүү “надаас илүүг мөрөөд” гэх байсан биз. “Түүнтэй хамтран ажиллаж байсан нь бид­ний хувьд нэр төрийн хэрэг” гэх Билл Гейтсийн харамсалын араас га­шуу­дал хөвөрсөөр.
“Ноён Чип” таалал төгслөө. Хэдэн мянга насалсан мэт бүтээлч амьдарлаа даа. Амьдралын эцсийн мөч хүртэл утга учиртай амьдарна гэдгийг тэр ойлгуулсан. Эмгэнэл илэрхийлж байна. Хүн хэдий хөрөнгө чинээлэг байсан ч өвчин хагацал хэнийг ч авч мэднэ. Биеэ, амьдралаа мэд. Дэлхийн иргэн нас баржээ. Агуу хүмүүс ахин төрөх болтугай...

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл