Tuesday, February 22, 2011

"Facebook"-ийн Монгол инженер Н.Мэргэн: Би "Facebook"-ийн хамгаалалт аюулгүйн хэлтэст ажилладаг

Египетийн "Фараон"-ыг түлхэн унагасан үйл явдал саяхан боллоо. Дэлхий нийтийг донсолгосон энэхүү үймээний эх үндэс нь нөлөө бүхий технологийн компани болох "Facebook"-ээс гэсэн нь түүнээс ч илүү шуугиан дэгдээсэн. Ерөнхийлөгчөө унагаах төлөвлөгөөг Египетүүд "Facebook"-ээр дамжуулан боловсруулсан.

"Facebook"-ийн дуулиантай зэрэгцэн энэ нэр хүндтэй компанид нэгэн Монгол залуу инженерээр ажилладаг талаар сураг сонстож, удтал эрж хайсны эцэст уулзах боломж тохиолоо. Түүнийг Начингийн Мэргэн гэдэг. Өдгөө 22 настай. "Шинэ Монгол" бүрэн дунд сургууль, АНУ-ын Массачусэттсийн Технологийн институтыг төгссөн. Сурагч ахуйдаа Улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүрэл, Улсын программчлалын олимпиадаас мөнгөн медаль хүртэж үетэнгийнхэн дундаа цахиур хагалж явжээ. Үүгээр зогсохгүй оюутан байхдаа Японы нэр хүндтэй компани "Secom ISL", мөн "Microsoft"-ийн Хятад улс дахь салбарын "Microsoft Research Asia"-д дадлага хийсэн нь түүнийг ажлын дөртэй болгожээ.
Одоо тэрбээр 500 сая хэрэглэгчтэй, дэлхийн томоохон технологийн компани болох "Facebook"-д программ хангамжийн инженерээр ажиллаж байна.

-Эцэг, эхийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу. Мэдээллийн технологийг эзэмшихэд эцэг, эхийн чинь нөлөө байсан байх?
-Аав, ээж маань Улаанбаатар хотын уугуул. Аав Москва хотод цахилгааны инженер мэргэжил эзэмшин, Монголд физикийн хүрээлэнд олон жил ажилласан. Харин сүүлийн арваад жилд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагт ажилласан одоогоор энэ байгууллагад хэлтсийн дарга хийдэг. Ээж Биологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч хийдэг, генетикийн ухааны доктор хүн. Нэг ахтай. Ах маань Токиогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, одоогоор Японд ажиллаж, амьдардаг.

Ээж, аав маань надтай зэрэгцэж суугаад хичээл заагаагүй л дээ. Харин миний хүсэл сонирхлыг бүрэн дэмждэг байсан. Багаас маань математикийн сонгонд явуулдаг байсан. Ахлах ангид ороод мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой болж, бие дааж судалдаг болсон. Ээж, аав хоёр маань мэдлэг, боловсролыг эрхэмлэдэг, миний хамгийн хайртай, хүндэлж явдаг хүмүүс минь.

-Хятад, Японы томоохон компаниудад дадлага хийх завшаан тохиожээ. Эндээс их зүйлийг сурч, мэдсэн нь гарцаагүй?
-Тэгэлгүй яах вэ. Наад зах нь багаараа ажиллах чадварт суралцсан. Оюутнуудад ажил дээр гарахад ямар байдаг талаархи ойлголт бага. Хүмүүстэй хэрхэн харилцах, удирдлагадаа тайлангаа зөв гаргаж дүгнүүлэх гэх мэт олон зүйлийг сурсан нь миний цаашдын ажилд чухал нөлөө үзүүлсэн гэж боддог.

-Америкийн нэр хүндтэй технологийн сургуулийг төгсчээ. Энэ сургуульд элсэхэд амаргүй байв уу?
-Би багаасаа "Хобби" сургуульд англи хэл үзэж байсан учраас англи хэлний мэдлэг маань сайн байсан л даа. Харин ахлах ангид орох жилдээ "Шинэ Монгол" ахлах сургуульд орж байгалийн ухааны хичээл болох физик, математикт ихээхэн анхаарч, сонгон суралцдаг байлаа. Ер нь "Шинэ Монгол" сургууль байгаль шинжлэлийн хичээлийг заахдаа сайн. Түрүүн хэлсэнчилэн мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой болж эхэлсэн. Миний мэдээлэл зүйн боловсролд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Ц.Дүүрэнбаяр багш. Багш маань 24-хөн насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн ч, хийж бүтээсэн зүйл ихтэй, олонд танигдсан, хүндтэй буянтай хүн байсан.

"Шинэ Монгол" сургуулийг төгсөгчид Японд очиж суралцдагийг хүмүүс мэднэ. Харин би компьютерийн ухааны чиглэлээр Америкт очиж суралцана гэсэн зорилготой байсан. Миний хэлний болон байгалийн ухааны хичээлийн мэдлэг сургуульд ороход ихээхэн тус болсон. Америкийн арав гаруй сургуульд өргөдөл гаргаснаас гуравт нь орох болзлыг хангасан. Түүний дунд Массачусэттсийн Технологийн Институт байсан. Ингэж миний мөрөөдөл биелсэн юм. Польш улсад 2005 онд зохиосон Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсоныг маань гол шалгуур болгож сонгосон юм билээ. Энэ дашрамд багш нартаа их баярлаж, бахархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Би их сургуулиа компьютерийн шинжлэх ухаан, болон математикийн давхар мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

-Их сургуулиа төгсөөд олон байгууллагад өргөдөл бөглөсөн байх. "Facebook"-тэй хэрхэн холбогдсон бэ?
-Технологийн болон санхүүгийн томоохон компаниудад өргөдөл бөглөсөн. Тэр компаниуд дундаас миний хамгийн их сонирхсон нь "Facebook". "Facebook" хүнийг ажилд авахдаа мэргэжлийн шалгалтуудыг түлхүү авдаг. Инженерүүдээс бүрдсэн шалгалтын баг 30 минутад код бичүүлээд, үлдсэн 30 минутад төрөл бүрийн сэдвээр сонирхсон зүйлээ асуудаг. Үүний дараа компанидаа урьж авчраад 3-4 хүнтэй ярилцлагад оруулдаг. Өмнө нь дадлага хийж байсан компаниудаас тодорхойлолт авсан. "Facebook" бол хурдтай компани. Энгийн шийдлийг хурдан гаргах чадварыг гол болгодог.

-Өөртөө итгэлтэй л байсан байх. Гэхдээ суралцах зүйл хэр их байсан бэ?
-Мэдээж, мэдэхгүй зүйл их боловч манай хамт олон бие биедээ их тусалдаг. Эхний сар хагасын хугацаанд сургалтад суудаг. Энэ үеэр мэргэжлийн хичээлүүд орж, жижиг хэмжээний даалгавар гүйцэтгэн компанийн бүхий л үйл ажиллагаатай танилцдаг. Хувь хүнд том хөрөнгө оруулалт шүү дээ. Яагаад "Facebook"-ийг илүү сонирхож байсан бэ гэхээр нэг инженерт оногдох хариуцлага маш өндөр байсан. Жишээ нь “Google” 6000 орчим инженертэй, харин "Facebook" 600 орчим инженертэй. Инженерийн тоо нь арав дахин бага. Тиймээс инженер бүрт хариуцлага, үүрэг даалгавар их байдаг. Бас "Facebook" залуу компани. Сурах зүйл их байна. Энэ нь надад их таалагдсан.

Би "Facebook"-ийн хамгаалалт, аюулгүйн хэлтэст ажилладаг. "Facebook" одоогоор бүх нийтийн анхаарлын төвд байна шүү дээ. Хакерууд их халдана. Болох болохгүй мэдээлэл, сурталчилгаа, вирус цацна. Үүнийг цаг тухайд нь устгаж байдаг. Тэр бүрийг нэг бүрчлэн устгахгүй л дээ. Компьютерийн хиймэл оюун ухааныг ашиглаж, тэр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шийдэл гаргадаг.

-Ажлын байр, хамт олны чинь талаар уншигчид сонирхож байгаа байх?
-Ажлын нөхцөл мэдээж маш сайн. Бид нэг том танхимд бүгдээрээ суудаг. Хэнд ч тусгай өрөө гэж байхгүй. Хэлтсийн дарга нарт давуу нөхцөл гэж байхгүй. Манай Ерөнхий захирал Марк Цукерберг ч бидэнтэй хамт суудаг. Энгийн хувцасладаг. Би гэхэд ажил дээрээ хэзээ ч костюм өмсч байгаагүй. Бас манайд хүнд суртлын олон дамжлага гэж байдаггүй. Гурван ажилтан хамт сууж байгаад шийдвэр гаргалаа гэхэд миний бичсэн кодыг нөгөө хоёр маань хянаад шууд ашиглаж эхэлдэг. Хэлтсийн дарга заавал хянах албагүй.

-Монголд "Facebook"-ийн хэдэн хэрэглэгч байдаг вэ? Ихэвчлэн ямар зорилгоор ашигладаг юм бол?
-Яг тодорхой хэдэн хэрэглэгчтэйг би мэдэхгүй, хоёрдугаарт байгууллагын нууц л даа. Миний ажигласнаар монголчууд ихэнхдээ өөрийн зураг, мэдээллээ оруулж, тоглоом тоглож байна. Ер нь "Facebook"-д цаашид хийж бүтээх ажил их байгаа. Хийх ёстой ажлынхаа нэг хувийг л гүйцэтгэлээ гэж үздэг. "Facebook"-ээс өмнө олон нийтийн сүлжээ гэж байсан ч тэдгээрээс илүү хувь хүний байдлыг сайтар тусгаж өгсөн нь амжилтынх нь үндэс гэж үздэг.

-"Facebook"-ийг ашиглаж буй залуус хэрхэн зорилгодоо хүрч болох вэ. Маркетингийн боломжуудын талаархи бодлоо хуваалцаач?
-"Facebook"-ээр дамжуулж манай компаниуд зөвхөн монгол хэрэглэгчдэд зориулсан зар сурталчилгаа цацаж эхэлж байгаа нь сайшаалтай. Чиний дуртай зүйлд таны найз дуртай байх магадлалтай. Эсрэгээрээ найзын чинь дуртай зүйл чамд нөлөөлөх боломж их байдаг. Найзын чинь дуртай бүтээгдэхүүн чамд ч таалагдах нь их байдаг юм байна л даа. Иймээс хаана хамаагүй газар сурталчилж байснаас дуртай хүмүүсийнх нь хуудасны дэргэд тухайн бүтээгдэхүүний сурталчилгаа тавьсан нь илүү амжилт олох жишээтэй. "Facebook" үүгээрээ бусад сайтаас ялгаатай.

Хамтлагаар жишээ авъя л даа. Хамтлаг өөрийн гэсэн хуудас нээгээд өөрсдийнхөө тухай мэдээлэл, клипүүдээ оруулснаар шүтэн бишрэгчийнхээ тоог нэмэх боломжтой. Үүгээр дамжуулж тоглолтын тасалбараа борлуулж болно. "Facebook"-ээр мэдээлэл маш хурдан тархдаг болсон.

-"Facebook"-ийг үндэслэгч, тэргүүн Марк Цукербергийг өнгөрсөн жилийн оны шилдэг хүнээр "Тайм" сэтгүүл онцолсон. Гэсэн ч таны хэлснээр захирал чинь их энгийн хүн бололтой?
-Залуу хүн болоод ч тэр үү их энгийн. Ажил дээр бие хамгаалагч дагуулж явдаггүй. Бидэнтэй хамт хоолонд ордог. Энэ байдал нь хүмүүст их таалагддаг юм билээ. Баасан гариг бүр бүх ажилчныхаа өмнө гарч зогсоод сонирхсон асуултад нь илэн далангүй хариулдаг нь таалагддаг. Ажилд орсны дараа би түүнтэй нэг удаа уулзаж байсан. Өөрийгөө танилцуулж, ажилд орсон сэтгэгдлээ илэрхийлсэн. Дараа нь баасан гаригийн хурлын үеэр нэг удаа би түүнд асуулт тавьж байсан. Өнгөрсөн долоо хоногт нь "Майкрософт"-ийг үндэслэгч Билл Гейтс ирж яриа хийсэн юм л даа. Тэр үйл явдлын талаар асуулт тавьж байлаа.

-Ажилдаа баримталдаг зарчим чинь юу вэ?
-Хамгийн гол нь ногдсон. ажлаа сайн хийх ёстой. Ер нь хүн юу хийснээрээ өөрийгөө үнэлүүлнэ шүү дээ. Ямар ч ажлыг хүнд гэж боддоггүй. Монгол хүний оюуны чадавхи, нийтэч, тусархаг, орчин нөхцөлтэйгөө зохицох чадварыг хамт олондоо харуулах юмсан гэж хичээдэг. Эх түүхийнхээ талаар найз нөхдөдөө ярьж өгөх дуртай.

-Монголд "Facebook"-тэй төстэй шинэ сайт гаргавал амжилт олох боломж бий юу?
-Монгол хүний онцлогт тохирсон, эдийн засагт нь зохицсон байвал амжилт олно. Яг ямар загвартай байхыг одоо хэлж мэдэхгүй байна.

-Залуу хүнийхээ хувьд Монгол Улс яавал хөгжинө гэж боддог вэ?
-Манай улс руу гадаадаас валют урсан орж байна, бид хөгжиж байна гэж ярьдаг. Үнэндээ өөрсдөө нэг ч бүтээгдэхүүн хийж зардаггүй, газрын баялгаа ухаж валют олж байна шүү дээ. Энэ бол хөгжил биш. Бүтээгдэхүүн хийж эхэлвэл хөгжинө. Монгол Улс бүгээгч орон болоосой гэж хүсдэг. Сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд сайн боловсон хүчин хэрэгтэй. Тиймээс эхний ээлжинд боловсролдоо ихээхэн анхаарах хэрэгтэй. Тэр дундаа байгаль шинжлэл, математикийн боловсрол маш чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Ж.Жаргал

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл